ЗИКА ВИРУСТ ХАЛДВАР

            Тодорхойлолт: Зика вирусээр үүсгэгддэг, шумуулаар дамждаг өвчин.
            Шалтгаан: Үүсгэгчийг судлаачид анх 1947 онд Уганда улсын Зика нэртэй ойд бичнээс илрүүлж, ийнхүү нэрлэсэн бөгөөд 1952 онд Нигери болон Танзанийн нэгдсэн улсад өвчтөнөөс вирусыг илрүүлсэн байна. Үүсгэгч нь Flaviviridae овгийн Flavivirus төрөлд багтдаг, PHX агуулсан вирус юм.
            Тархалт: Зика вирусын халдвар нь халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний вирус хадгалагддаг байна. 2007 оны дэгдэлтэд Исландын хүн амын 75% нь өртсөн. 2014 оны 3-6-р сард Чили улсад, 2015 оны 5-р сард Бразил улсад бүртгэгдэж 2016 оны 1-р сарын 28-ны байдлаар Америк, Ази, Африкийн 23 улсад бүртгэгдээд байна.
            Дамжих зам: Aedes төрлийн А.aegypti зүйлийн шумуул Зика өвчний вирусыг дамжуулахын зэрэгцээ Денгийн чичрэг, шар чичрэг, Чикунгуния өвчний вирусыг дамжуулдаг байна. Энэ төрлийн шумуул өдрийн цагаар хаздаг бөгөөд нар мандсанаас хойш 2 цаг болон нар жаргахаас 2- 3 цагийн өмнө идэвхиждэг.
            Мөн шумуулын өндөг, авгалдайтай усыг ундад хэрэглэснээс халдвар дамжсан байж болзошгүй тохиолдол болон 2015 оны дэгдэлтийн явцад Бразил улсад микроцефали оноштой төрсөн 3174 нярай, тэдгээрээс 38 (1.2%) нь нас барсан тохиолдлуудыг Зика вирустэй холбоотой эсэхийг тодруулахаар нарийвчлан судалж байна. 
Одоогоор хүнээс хүнд болон шууд хавьтлын замаар халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
            Эмнэлзүй: 
                        − Өвчний нууц хугацаа одоогоор тодорхой бус боловч 1-7 хоног                                                 үргэлжилнэ;
                        − Халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч өвдөх, нүдний салст үрэвсэх,                                      тууралт гарах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ;
                        − Ихэнх халдвар авсан тохиолдлууд хөнгөн хэлбэрээр өвчилж, эдгэрдэг;
            Оношилгоо: Одоогоор молекул биологи (real-time PCR)-ийн шинжилгээгээр өвчтөний цусанд вирусын РНХ илрүүлэх, эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлалын холбогдол зэргээр оношийг баталгаажуулж байна. Ийлдэс судлалын шинжилгээ нь flaviviridae овгийн денгийн чичрэг, шар чичрэг, Чикунгуния, баруун Нилийн чичрэг өвчнийг үүсгэгч вирустэй солбицох урвал өгч хуурамч эерэг дүн үзүүлэх хүндрэлтэй байна. Оношлуур, урвалжуудыг үйлдвэрлэж эхлээгүй, судалгааны түвшинд явагдаж байна.
            Эмчилгээ: Шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийнэ.
                        − Халдвар авсан өвчтөнийг хангалттай хэмжээнд амраах шаардлагатай;
                        − Шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд шингэн уулгах;
                        − Халуун болон өвдөлтийг намдаахын тулд ацетаминофен гэх мэт эмүүдийг                                          хэрэглэж болно (стероид бус үрэвслийн эсрэг ибупрофен, напроксеныг аспириныг хамтад нь хэрэглэж болохгүй; цус алдалтаас сэргийлэхийн тулд аспирин, үрэвслийн эсрэг стероид бус эмүүдийг хэрэглэхгүй байх)

            Урьдчилан сэргийлэлт:
            Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй учраас шумууланд хазуулахаас зайлсхийх,     шумуулыг устгах, амьдрах орчныг бүрдүүлэхгүй байх зэрэг физик, механик        аргуудаар урьдчилан сэргийлнэ.
            − Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй, хүн   урихгүй байх;
            − Өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагаас зөвлөмж     авах;
            − Шумууланд хазуулахаас сэргийлэх;
            − Шумуулаас хамгаалах тос, цацлагыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэх;
            − Урт ханцуйтай, цайвар өнгийн битүү хувцас өмсөх, хамгаалах тор хэрэглэх;
            − Хаалга цонхондоо шумуулаас хамгаалах тор хийх;
            − Ундны болон хэрэглээний усыг сайтар таглаж битүүмжлэх;
            − Шумуул үржих таатай нөхцөлүүдийг бий болгохгүй байх;
            − Дэгдэлт гарсан улс оронд зорчсон, шумууланд хазуулсан тохиолдолд дээрх           эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз