Элэгний өөхөн хувирал



Элэгний өөхөн хувирал
Элэгний өөхөн хувирал нь хамгийн элбэг тохиолдоно. Нийт эсүүдийнх нь 50%-аас илүү нь өртвөл өөхөн элэг (fatty liver) гэнэ.
Хэвийн үед элэгний эс доорхи хоёр замаар өөхний хүчилтэй болдог.
Гаднаас нэвтрэх: Өөхний эд болон хоол боловсруулах замаар шимэгдсэн чөлөөт өөхний хүчлүүд тээвэрлэгдэн ирэх
Дотроо үүсэх: Элэгний эсийн доторхи ацетатаас өөхний хүчил үүсэх

            Гепатоцит дахь өөхний хүчлүүд нь цаашид эстержиж триглицерид, хувиралд орж холестерол, фосфолипид, эсвэл исэлдэж кетоны биесийг тус тус үүсгэнэ. Үүссэн триглицерид элэгний эсээс гарч цусны эргэлтэнд орохын тулд апопротейнтэй нэгдэн липопротейн хэлбэрт шилжих хэрэгтэй байдаг. Триглицерид ихээр хуримтлагдах нь өөхний хүчлээс липопротейнд шилжин гарах энэ замын аль нэг хэсэгт саад гарснаас шалтгаалдаг. Элгэн дэхь липидийн солилцооны чухам аль хэсэгт алдаа гарах нь шалтгааны хүчин зүйлсээс хамаарч өөр өөр. Жишээ нь:
Зарим хор, архи зэргийн нөлөөгөөр элэгний эсүүдийн митохондр болон гЭПТ өөрчлөгдөж, өөхний хүчлийг исэлдүүлж чадахгүй болно.
CCl4 –ийн нөлөө, уураг дутлын үед апопротейны нийлэгжил буурах
Хүчилтөрөгчийн дутагдлын улмаас өөхний хүчлийн исэлдэлт буурах
Их өлсөх нь захын өөхний нөөцөөс өөхний хүчил дайчлагдахыг нь ихэсгэж, улмаар элэгний эс рүү нэвтрэх өөхний хүчлийн хэмжээ ихсэх
Хоол тэжээлэнд уураг дутагдлын үед фосфолипид, липопротеин нийлэгжихэд шаардлагатай амин хүчлүүд байхгүйгээс өөхөн хувирал үүсэх
Элэгний эс дэхь өөхний солилцоонд оролцогч ферментүүдийн үйл ажиллагааны хямралаас өөхөн хувирал үүсэх гэх мэт.
Элэгний өөхөн хувирал үүсэх шалтгаан:
Архидалт: Элэг өөхлөх бүх шалтгааны 30-50%-ийг эзэлнэ. Учир нь этанол нөөц өөхний зарцуулалтыг ихэсгэх, гепатоцит дэх липидийн солилцоог эрчимжүүлж, өөхний хүчлүүдийг триглицерид хүртэл эстержүүлэх, өөхний хүчлийн исэлдлийг багасган холестерины нийлэгжлийг ихэсгэдэг байна. Иймээс хэр хэмжээний эсүүд өөхлөх нь уусан архины хэмжээтэй шууд холбоотой. Өөхөн хувиралд орсон элэгний эсүүд үйл ажиллагаагаа хадгалах бөгөөд нөхөн төлжих чадвар сайтай тул архи уухаа больж, хордлого тайлагдахад 2-40 долоо хоногийн дотор элэгний хэлтэнцрийн төвөөс эхлэн өөхөн хувирал нь алга болсоор хэвийн болно. Олон удаагийн архины цочмог хордлогод орсон бол яваандаа элэг хатуурах (цирроз) өвчинд хүргэдэг.
Химийн хорын нөлөө: Дөрвөн хлорт нүүрстөрөгч (ССl4), хүхэр хүчлийн гидразин, тетрахлорэтан, хлорформ, тринитротолуол, фосфор зэрэг нь элгийг өөхлүүлнэ.
Хоол тэжээл дэх уургийн хомсдол: Амин хүчлийн дутагдлаас уургийн нийлэгжил буурах тул апопротейн, цаашилбал липопротейн үүсэхээ больж, триглицерид эсийн дотор ихсэх болно. Энэ нь хоол тэжээл, ялангуяа уураглаг хоол хүнс хомсдолтой орон нутагт, мөн хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн үед ажиглагдана.
Чихрийн шижин: Чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 48-75% нь элэгний өөхлөлттэй байдаг. Элэгний өөхлөлтийн зэрэг нь өвчтөний нас, өвчилсөн хугацаа, кетоацидозын хэмжээ, биеийн жин зэргээс хамаарна. Чихрийн шижингийн үед инсулин даавар дутагдсанаас цусан дахь глюкозын хэмжээ их байвч эд эс рүү глюкоз нэвтрэхээ больж, энергийн хомсдолд хүргэнэ. Улмаар энергийг нөхөхийн тулд нөөц өөх дайчлагдан цусанд орж, элэгний эсд ихээр нэвтэрснээс өөхөн хувиралд хүргэнэ. Үүднээс гадна фосфолипидийн нийлэгжил болон өөхний хүчлийн исэлдэлт буурдаг нь өөхөн хувирлыг улам гүнзгийрүүлнэ. Чихрийн шижинтэй өвчтөний элэг өөхлөлтийн үед илрэх онцлог бол бөөмүүд гликогенжсэнээс цэврүүшиж "цоорхой" мэт харагдана. Цоорхой бөөмийн дотор гликоген байгааг PAS урвалаар илрүүлдэг.
Таргалалт: Тарган хүмүүсийн 64-94% нь элэг өөхлөлттэй. Учир нь нөөц өөх ихтэй тул тэдгээрийн задралаас цусан дахь өөхний хүчил, триглицеридийн хэмжээ байнга өндөр байна. Эдгээр элэгний эсд ихээр нэвтэрснээс элэг өөхлөх шалтгаан болно.
Дотоод шүүрлийн тогтолцооны зарим эмгэг
Зарим эмийн бодис: Тетрациклин, стероид, барбитурат, стероидууд, жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд нь элгэнд өөхөн хувирал үүсгэнэ.
Анокси, гипокси: Хүчилтөрөгчийн хомсдолоос өөхний хүчлийн исэлдэлт хямарч, кетоны биес болон СО2-д хувирах нь буурснаар өөхөн хувирал үүснэ. Энэ үед элэгний хэлтэнцрийн төвөөс эхлэн өөхөлдөг. 


Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй оронд таргалалт, архи хэтрүүлэн хэрэглэх, чихрийн шижингийн улмаас элгэнд өөхөн хувирал үүсэх нь хамгийн элбэг тохиолддог шалтгаан байдаг.

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз