Өөхөн хувирал/Fatty Change


Өөхөн хувирал (Fatty Change, Steatosis)
Цуллагийн (parenchymal*) эсүүдэд липидийн солилцоо хямарснаас триглицерид ихээр хуримтлагдахыг өөхөн хувирал гэнэ. Липидийн солилцоонд эрчимтэй оролцдог эрхтэн болох элгэнд голдуу тохиолдох боловч бөөр, зүрх, араг ясны хөндлөн судалт булчин болон бусад эрхтэнд ажиглагдана. Эдгээрээс хамгийн ихээр өөхөн хувиралд өртдөг нь элэг, зүрх, бөөр байдаг.  
Өөхөн хувирал үүсэх механизм нь үүсгэж буй шалтгаан, тухайн эрхтний бүтэц-үйлийн онцлогоос хамаарах боловч ерөнхийд нь доорхи байдлаар ангилна.
Өөхний хүчлийн хэмжээ ихсэх (өлсгөлөн, чихрийн шижин, архаг архидалт, таргалалт гэх мэт)
Өөхний хүчлийн исэлдэлт багасах (гипокси, химийн бодисын хордлого, архаг архидалт гэх мэт)
Чөлөөт өөхний хүчлүүд триглицерид болж эстержих нь ихсэх (архаг архидалт, чөлөөт өөхний хүчлийн хэмжээ ихсэх эсвэл тэдгээрийн исэлдэлт буурах)
Триглицерид нь апопротейнтэй нэгдэж, эсээс гадагшлах нь буурах (уураглаг хоол тэжээлийн дутмагшил, өлсгөлөн, хорын нөлөө гэх мэт)
Нийлмэл липидийн задрал ихсэх (эсийн бүтцэд оролцогч нийлмэл липидийн задралаас их хэмжээний өөх үүсч болно. Жишээ нь: мембраны липид задрах)
Уураг, нүүрс уснаас их хэмжээгээр өөх хувирч үүсэх
Нийлэгжил гажих: Бодисын солилцооны явц хямарснаас хэвийн бус замаар өөхний бүтээгдэхүүн ихээр үүсэх.

Аль ч эрхтэнд үүссэн өөхөн хувирлыг гистологийн аргаар судлахад хоосон цэврүү (vacuole) байдлаар харагдана. Учир нь эдийн дамжлагын явцад органик уусгагчдын нөлөөгөөр эсийн доторхи өөх ууссанаас, мөн өөх нь ердийн будагт будагддаггүй учраас хоосон орон зай болж харагддаг. Эсийн дотор хуримтлагдсан гликоген, ус зэрэг нь мөн адил хоосон тунгалаг, дугариг орон зай байдлаар харагдах тул тусгай будгуудын тусламжтайгаар эдгээрийг хооронд нь ялгах шаардлагатай. Тодруулбал:
Органик уусгагчдыг ашиглахгүйгээр авсан эдээ шууд хөлдөөж зүсээд тосон улаан О эсвэл Судан IV будийг ашиглахад улаан-улбар шар, осмийн хүчилд хараар будагдаж байвал өөх,
Полисахаридыг танидаг PAS (periodic aiod shiff) будагт улаан-нил ягаан өнгө үзүүлбэл гликоген,
Хэрвээ эдгээр будгийг ашиглах явцад будаг авахгүй байвал ус байна гэж дүгнэдэг.

Өөхөн хувирлын үр дагавар нь шалтгаан болон хуримтлагдсан хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг. Хэрвээ бага хэмжээтэй бол эсийн үйл ажиллагаанд онцын нөлөөгүй, харин их хэмжээний хуримтлалын үед эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Өөхөн хувирал нь эргэх гэмтэлд тооцогддог буюу ихэнхи тохиолдолд эсийн бүтэц, үйл ажиллагаа эргэн сэргэх боловч, хүчтэй хороор хордсон нөхцөлд үл эргэх гэмтэлд шилжин, өөхөн үхжлийг үүсгэж болно.





Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз